Монгол Улсын баруун хязгаар нутагт оршин суудаг казах, урианхай, дөрвөд, тува, халх зэрэг олон үндэстэн ястаны Өлгий нутаг Баян-Өлгий аймгийн төв Өлгий хот нь ширүүн урсгалт, тунгалаг уст Ховд голын эрэг, Бөхөн, Хүрэн зуух зэрэг өндөр уулсын өвөрт оршдог.
Алтай хан уулын аймаг хошуу болон өөрчлөгдсөн 1931 оноос Өлгийд шилжин ирж суурьшсанаар энд урьд байсан өлөн гэдэсний үйлдвэр, морин өртөөний буудалтай нийлээд суурин газар бий болж эхэлжээ.
Өртөө аралд эртнээс улаачдын буудал байсан Хойлог /Цагааннуур/ын ширэгт 1931 онд Орос улстай худалдаа хийх дамжлага баазын суурь тавигдсанаар Ховд-Цагааннуурын авто өртөөний буудал ч Өлгий орчим байрласан зэрэг гол дөт салаа замын зангилаа, тус аймгийн хошуу, сумдын дунд цэгт оршдог, ой мод, өвс ургамалаар элбэг хожим ирээдүйд томоохон хот байгуулахад газрын гадаргуу, хөрс шороо нь хүртэл зохимжтой байсан ба далайн түвшинээс 1710 м өндөр, нийслэл Улаанбаатараас 1760 км хол оршдог.
Өлгийг 1940 оны 09-р сарын 17-нд аймгийн анхдугаар хурлаас аймгийн төв болгон сонгон баталгаажуулжээ. Өлгий хот нь Бугат, Буянт, Улаанхус, Сагсай сумуудтай хил залгаа оршдог.
Баян-Өлгий аймгийн яамнаас эхлээд тус аймгийн анх байгуулагдсан албан байгууллагууд цөөн байшин, 30-аад эсгий гэрт байрлаж байснаа хэдхэн сарын дараа тус тусын байр байшинтай болж, гар үйлдвэрлэлийн артель, хүнсний үйлдвэр, аж ахуйн газруудаа үүсгэн байгуулж Өлгийд оршин суугчдын эгнээ 1940 оны 11 сар гэхэд 100 өрх, 400 хүн амтай болжээ.
1950-иад оны дунд үеэс Өлгийд оршин суугчдын эгнээ 7000 давж хотыг тохижуулах ажил урьд өмнөхөөс илүү эрчтэй өрнөж, цэнгэлдэх хүрээлэн, ХД театр, хүүхэд залуучуудын ордон, орон нутгийг судлах музей, барааны зах зэрэг томоохон байгууламжийг Өлгийн иргэд Бямба, Ням гаригт оройн цагаар шан харамж, цалин хөлс нэхэлгүй бүтээж байгуулсан нь ахмад үеийнхэний гавьяа, бидний бахархан дурсах баатарлаг үйлс билээ.
Аймгийн төвийн нийгэм эдийн засаг, соёл боловсролын өргөн цар хүрээ, хөгжил бадралыг үндэслэн 1956 оны 8-р сарын 1-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 4 тоот зарлигаар Өлгий хотын хороог байгуулжээ. Төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэрээр 1961 онд дээрх хорооны байгууламж Өлгий хот болон өөрчлөгдөж тус хотын захиргаа 13 хэсгээс, 1964 оноос 4 хорооноос бүрдэх болж, 1990-ээд оны эхнээс сум, багийн системд шилжсэн юм.
Сумын анхны багийн дарга Х.Таухай, Өлгий хотын анхны захиргааны дарга О. Халхабайнар ажиллаж эхэлсэн ба улмаар тус албанд Бирдхан, Хапыш, Хумар, Хуатай, Хайсанай, Дөрвөтхан, Онтуган нарын ахмадууд энэхүү нэр хүндтэй үүргийг гүйцэтгэж одоо 2012 оноос хойш ИТХ-ын даргаар С.Онгар, сумын Засаг дарга бөгөөд хотын захирагчаар Ө. Хабай, ЗДТГ-ын даргаар З. Жолаушыбай нар ажиллаж байна.
Ахуйн үйлчилгээний газар, хэвлэх, хүнс, ноос угаах, эрчим хүчний үйлдвэр, холбооны газар, худалдаа, зам гүүр, худаг ус, ой мод, барилга угсралтын авто, агаарын тээврийн байгууллагууд тус аймгийн ууган үйлдвэр аж ахуйн нэгж болж байгууллагдан хөгжин мандаж байснаа өөрчлөн байгуулалтаар тэдний нилээд нь хувьчлагдаж шинэ зохион байгуулалтанд орсон ч Холбоо, Цахилгаан эрчим хүч, Хүнсний үйлдвэр зэрэг байгууллагууд зах зээлийн харилцааны нөхцөлд хөгжлийн шинэ шатанд дэвшин орж тус хотыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна. Мах комбинат, гурилын үйлдвэр, гар урлалын болон бусад төрлийн жижиг үйлдвэрүүд байгуулагдан үйл ажиллагаа явуулж, төрөл бүрийн барааны зах, ШТС-ууд, үйлчилгээний төвүүд шинээр бий болж өргөжин хөгжиж байгаа нь Өлгий хотын хөгжлийн шинэ дүр төрхийг харуулж байна.
Мөн баруун хойд талаараа ойрхон байрлалтай Казахстан улстай агаар авто тээврийн холбосон зам, Хятадын Шинжан Уйгарын Өөртөө Засах орон болон Оросын Холбооны Улсын Алтайн хязгаарыг холбосон гол зам дээр байрладгаараа стратегийн давуу талтай.
Өлгий сумын хувьд хүн амын нягтрал ихтэй. Аймгийн нийт хүн амын 35 орчим хувь нь оршин суудаг. Сүүлийн 2 жилд ажлын байр шинээр бий болгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулах чиглэлээр 40 гаруй төсөл хэрэгжүүлж байна.
Цаашид Засгийн газрын болон Аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, сумын нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
No comments:
Post a Comment